Орон нутгийн хэлэлцүүлэгт оролцогчдын олонхи нь ҮХ-д өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-10 17:38:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг нийслэлд эхэлж, нийслэлийн төрийн захиргааны болон НӨУБ-ын ажилтнууд оролцлоо. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургадугаар сарын 5-наас есдүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлж байна. УИХ-ын Тамгын газраас 7 баг томилон ажиллуулж байгаа бөгөөд долдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн есөн дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Өнөөдөр нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнууд оролцсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо боллоо. Нийтдээ 400 гаруй төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнууд оролцсон хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд оролцсон юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал  оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажил энэ оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс орон даяар явагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Өмнөговь аймгуудад амжилттай зохион байгуулагдаж дууссан бол Баян-Өлгий, Увс, Төв, Өвөрхангай аймгуудад ойрын өдрүүдэд үргэлжлүүлэн зохиогдоно.

Орон нутгийн хэлэлцүүлэгт өнөөдрийн байдлаар нийт 3000 шахам иргэн оролцож, тэдний 80.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаархи саналаа саналын хуудсаар өгсөн мэдээтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт орон нутгийн иргэд идэвхтэй оролцож байгаад ажлын хэсэг талархалтай байгаа. Орон нутгийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонхи нь улс орны нийгэм, эдийн засаг өөрчлөгдөж буй өнөө үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг бөгөөд төслийг маш нухацтай хэлэлцэх нь зүйтэй талаар саналуудаа хэлж байгаа юм. Хэлэлцүүлэг зохион байгуулсан талаархи дүрстэй болон цахим мэдээллийг тухай бүр радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудад нийтэлж ажиллаж байна" гэлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдана. УИХ-ын Тамгын газраас орон нутаг, дүүргүүдэд бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэж байгаа бөгөөд эдгээр сургагч багш нар нь сум, баг, дүүрэг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулах юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн алба, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд танилцуулга хийсний дараа хэлэлцлүүлэгт оролцогчид сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа. Мөн төсөлтэй холбогдуулан бичгээр саналаа өгсөн бөгөөд энэ хүрээнд төсөлд тусгагдаагүй ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой бусад санал өгөх боломжтой аж. Түүнчлэн төслийн талаарх хэлэлцүүлгийг нийслэл хотноо үргэлжилж, маргааш Хан-Уур, Баянзүрх дүүрэгт явагдуулна.
Н.Туяа
Холбоотой мэдээ