“Алтан зэв” морьт харвааны олон улсын тэмцээнд оролцох тамирчид Астанаг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2017-08-08 16:23:14
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан улсын Астана хотод энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулах “Алтан зэв” морьт харвааны Олон улсын анхдугаар тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн эрэгтэйчүүдийн төрөлд Дүншигийн Отгонбямба, эмэгтэйчүүдийн төрөлд Баатарчулууны Гэрэлчулуун нар оролцохоор болжээ.

Энэ талаар тамирчдын багийн ахлагч Ауесханы Ром мэдээлсэн бөгөөд Тус улсын Соёл, спортын яамны Спорт, биеийн тамирын хороо,  Түрэг угсаатнуудын үндэсний спортын төрлүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд болон Хятад, Орос, Монгол, Турк, Казахстан, Киргизстан, Узбекистан, Польш, Унгар зэрэг 13 орны 30 орчим харбаач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөх аж.

Астана хотод болж байгаа “ЭКСПО-2017” Олон улсын үзэсгэлэн худалдааны хүрээнд зохиож буй морьт харвааны тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс тэргүүн байрт шалгарсан харваачид 5000 ам.доллар, хоёрдугаар байрт 3000 доллар, гуравдугаар байрт 2000 долларын мөнгөн шагнал өгөхөөр болжээ.

Дээрх тэмцээнд оролцох манай тамирчид өчигдөр Казахстан Улсыг зорин эх орноосоо морджээ.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ