АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-08 13:08:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэн, Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх, УИХ-ын ээлжит бус чуулган зарлах шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Бүлгийн хуралдааны талаар тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын гишүүд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Бүлгийн хуралдааны эхэнд Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцлээ. Учир нь найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгөний нийлүүлэлт тасрах хандлагатай байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч нам бүх хүүхдэд Хүүхдийн мөнгө өгөх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр нь 2012 оноос явуулсан АН-ын бодлоготой нийцэж байгаа. Гэхдээ төсөвт суулгалгүй бүх хүүхдэд мөнгө олгох ажил сонгуулийн өмнө хийсэн тул одоо төсөвтөө тодотгол хийх шаардлагатай. Нийт хүүхдэд мөнгө өгөхийн тулд 240 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг төсөвт суулгаж байж энэ бодлого хэрэгжинэ. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Манай бүлэг энэ асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ” гэв. Түүнчлэн тус бүлэг маргаашаас эхлэн өвөлжилтийн бэлтгэлийн асуудлаар холбогдох сайд нараас мэдээлэл сонсох болсон талаар тэрбээр мөн онцолсон юм.

АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байжээ. АН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бодлогын хувьд дэмжиж байгаа ч хэд хэдэн тодорхойгүй, санал нийлэхгүй зүйл байгааг хэллээ. Тухайлбал Төрийн хяналтын хороо байгуулах асуудал, Ард нийтийн санал асуулгыг бүх ард түмнээс асуух бус Зөвлөлдөх уулзалт нэрийн дор хэдэн аймгаар явж, дарга нарт мэдээлэл өгч явааг шүүмжилсэн юм. Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах зохицуулалт төсөлд туссан байгаатай санал нийлэхгүй гэдгээ илэрхийлэв. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бие даасан төсөв боловсруулах, Ард нийтийн саналыг төсөлдөө бүрэн тусгах зайлшгүй шаардлагатай байна гэж үзжээ. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав "Улсын төсөвт тодотгол оруулахгүй бол Хүүхдийн мөнгө он дуустал олгогдох боломжгүй болох нөхцөл үүсч байна. Мөн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Газар тариалан, ургац хураалт хүндэрч, ургац арвин авах боломж хомсдох шинжтэй байна. Тиймээс хэрэв дотоодоосоо хангах боломжгүй бол гаднаас нийлүүлэх хөрөнгийг төсөвт суулгах ёстой. Энэ мэтээр яаралтай шийдвэрлэх асуудлууд байгаа учир УИХ-ын Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай байна" гэлээ.

Н.Гантуяа
Холбоотой мэдээ