Өнөөдөр "Аав нарын баярын өдөр" тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-08-08 08:33:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Айл гэрийн ноён нуруу, түшиг тулгуур болсон аав нараараа бахархах, байр суурь, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэхэд зориулсан "Аав нарын баярын өдөр" өнөөдөр тохиож байна.

Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн байна. Улмаар 1942 онд АНУ-ын Ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аав нарын баярын өдөр” болгон зарлажээ. Дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг уламжлал тогтсон бол Монгол Улс 14 дэх орон нь болсон юм.

Манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-г байгуулж, 2005 оноос хойш “Аав нарын баярын өдөр”-ийг зохион байгуулж ирсэн. Ингээд айл гэрийн ноён нуруу, эх орны түшиг тулгуур болсон аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийнхээ хүмүүжилд үлгэр дуурайлал болсон олон зуун ааваар бахархах, хүүхэд аав хоёрын нандин харилцааг бэхжүүлэх зорилгоор уг баярыг энэ жил 12 дахь жилдээ тэмдэглэж байна. 

Энэ жил “Аав нарын өдөр”-ийг Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Монголын эрэгтэйчүүдийн холбоо хамтран “Аав нарын оролцоог дэмжье” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн Гэр бүл хөгжлийн газруудад зорилтот бүлгийн аав нарыг оролцуулсан аав хүүдийн хөгжөөнт уралдаан тэмцээн, аав хүүхдийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг ярилцлага, сургалт зэрэг олон талт ажлууд зохион байгуулахаар төлөвлөөд буй юм. 
Н.Туяа


 
Холбоотой мэдээ