Баян-Өлгийд элэгний В, С вирүсийг илрүүлэх шинжилгээний явц удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-03 12:03:21
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд орон даяар явагдаж байгаа элэгний В, С вирүс илрүүлэх шинжилгээнд иргэдийг хамруулах ажлын явц тус аймагт удаашралтай байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус газраас өгсөн мэдээгээр уг шинжилгээнд 40-65 насны нийтдээ 18196 хүн хамрагдах ёстойгоос 6117 хүн үзлэгт орж, хамрагдалтын түвшин 33,6 хувьтай байна. Толбо сумд шинжилгээнд хамрагдалт хамгийн өндөр буюу 60 хувь, Алтай сумд 59,3 хувь, Цагааннуур тосгонд 44,3 хувь, Булган сумд 42,4 хувь, Алтанцөгц сумд 40,9 хувьтай байгаа бол Сагсай сумд хамгийн бага буюу 6 хувь, Цэнгэл сумд 16,6 хувь, Ногооннуур сумд 20,8 хувь, Бугатад 24,8 хувьтай явагдаж байгаа ажээ.

Төлөвлөгөөний дагуу вирус илрүүлэх шинжилгээг 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, вирус тоолох, эмчлэх ажлыг 11 дүгээр сарын 1-ний хүртэл бүрэн хийж дуусгах ёстой бөгөөд ажлын удаашралтай байгаа шалтгааныг албаны хүмүүс шинжилгээ хийх тест товлосон хугацаанаас хоцорч ирсэн, сонгуулийн ажил давхацсан, зарим сумдын иргэд хол газар зусланд нүүсэн зэргээр тайлбарлаж байна.

Шинжилгээний явцад 544 хүнээс элэгний С вирус, 342 хүнээс В вирүс илэрчээ. Одоо Улаанбаатар хотод итгэмжлэгдсэн лабораториудад эдгээр иргэдийн вирүсийг тоолох ажил явагдаж байгаа аж.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ