АНУ тив алгасах баллистик пуужин хөөргөн туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-03 08:34:50
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын арми Умард Солонгосын өдөөн хатгалыг сөрөн зогсох чадвартай болохоо харуулан тив алгасах баллистик пуужин  /ТАБП/ хөөргөн туршжээ.

АНУ-ын Агаарын цэргийн хүчин лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Бид Калифорни муж улс дахь Ванденбергийн агаарын цэргийн хүчний баазаас лхагва гарагт шилжих шөнийн 2:10 цагт “Minuteman 3” ТАБП-г амжилттай хөөргөн туршсан. Пуужин Маршалын арлуудын Кважалейн арал дахь байндаа туссан” гэлээ.

АНУ 2017 он гарснаас хойш дөрөв дэх удаагаа ТАБП хөөргөн туршсан нь энэ юм. Пуужингийн системийн онч нарийвчлалыг шалгах зорилгоор туршилт хийж байна гэж Пентагон урьд нь мэдэгдэж байсан билээ. 

Харин тус улсын Агаарын цэргийн хүчний албаны хүний хэлэхдээ "Вашингтон өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалж, ямар ч халдлага дайралтыг хэзээд сөрөн зогсох чадвартай болохыг энэ удаагийн туршилт нотлон харууллаа" гэв.
 Г.Доржханд
Холбоотой мэдээ