Архангайн бүх сум шүдний кабинеттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-28 18:48:39
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвийн шүдний кабинетын нээлтийг энэ сарын 26-нд хийжээ. Тус эмнэлэг нь сум дундын эмнэлэг бөгөөд тойргийн Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан сумдын иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авдаг. Эрдэнэмандал сумын ЭМТ шүдний кабинеттай болсноор Архангай аймгийн бүх сум дундын эмнэлгүүд шүдний кабинетай болж байгаа юм.
Нөгөө талаар тойргийн сумдын ард иргэд, ялангуяа бага насны хүүхдийн амны хөндийн эмгэгийг эрүүлжүүлэх, шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна. Харин шүдний цоорлыг эрүүлжүүлэх ажлыг төлөвлөгөөтэй хийнэ гэдгийг сумын удирдлагууд, ЭМТ-ийн эмч нар хэлж байв. Шүдний кабинетэд ДЗОУБ-ын ОНХХ Архангай-2 хөтөлбөрөөс 9,9 сая төгрөгийн багаж төхөөрөмж авч өгсөн ба ирэх 8-р сард шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээнд хэрэглэх багажийн иж бүрдлийг нийлүүлэхээр болжээ. Мөн ЯХИС-гийн ДЕНАН төслөөс шүдний эмчилгээний материал он дуустал авах 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ