2019 оноос Ослод автомашин хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-03 16:42:13

ОСЛО. /Reuters/. Агаарын бохирдлыг бууруулахын тулд 2019 оноос эхлэн хотын төвд автомашиныг хориглох шийдвэрийг Норвегийн нийслэл Осло хотын шинэ зөвлөл гаргажээ.

Осло хотын энэ хориг нь Европт тавьж буй энэ төрлийн анхны байнгын хязгаарлалт юм. 2019 оноос Норвегийн нийслэлд нийтийн тээвэр ажиллаж, хувийн машин явахыг хориглоно. Одоогийн байдлаар 600 мянган хүн, 350 мянган машинтай Осло хотын удирдлагад энэ журмыг хэрэгжүүлэхэд хялбар байхгүй.

Осло хотын зөвлөл Ногоон нам, Зүүний  социалист нам, Хөдөлмөрийн намын гишүүдээс бүрддэг юм. Хотын төвийн автобус, трамвайн сүлжээнд хөрөнгө оруулж, дараагийн дөрвөн жилд унадаг дугуйн 60 км зам тавьснаар шийдвэрээ хэрэгжүүлэх боломжтой болно хэмээн тус хотын зөвлөл үзэж байна.

“Бид машингүй төвтэй болмоор байна. Явган зорчигч, унадаг дугуйтай хүмүүс, дэлгүүрүүд, бүх хүнд ашигтай” гэж Ногоон намын гишүүн Лан Нгуен Мари Берг  хэлжээ.

Энэ төлөвлөгөө бизнест нь ашиггүй хэмээн үзэж буй Осло хотын бизнес эрхлэгчид уг мэдэгдэлтэй нэгэн дуугаар санал нийлэхгүй байгаа юм.

Гэсэн хэдий ч Европын бусад хот уг хөдөлгөөнөөс санаа авч, төстэй шийдвэр гаргах магадлалтай. Европт удалгүй машингүй бүс гэсэн санаа алдаршихыг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн сард Францын нийслэл Парис хотод нэг л өдөр автомашины хөдөлгөөн хаасны үр дүнд хотын замын түгжрэл 18 хувь, агаарын бохирдол 6 хувиар буурсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ