“Иргэний эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөр хэрэгжинэ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-07-17 00:44:08
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтсээс “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийг танилцуулж хэлэлцүүлэв.
Аймгийн Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг: “Нээлттэй нийгэм форум” ТББ-аас иргэдэд тулгамдсан хууль зүйн үр дагавар бүхий бэрхшээл, түүнийг шийдвэрлэж буй арга хэрэгсэл, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах өнөөгийн хэрэгцээ, боломжийг тодорхойлох үүднээс үндэсний хэмжээнд өнгөрсөн оны 5-11 дүгээр сард долоон аймгийн 30 сум, нийслэлийн дөрвөн дүүргийн нийт 1630 иргэнийг хамруулж шууд ярилцлагын аргаар судалгаа хийсэн юм. Иргэдэд өдөр тутамд тулгарч буй бэрхшээл, түүнийгээ хэрхэн шийдвэрлэж байгааг сүүлийн гурван жилд тулгарсан бодит байдалд үндэслэж судлахад ажил, эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд 35,7 хувь буюу хамгийн өндөр хувийг эзэлсэн дүн гарсан. Мөн хоёр хүн тутмын нэг нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд тодорхой үйлдэл хийдэггүй, үүний шалтгааныг 60 гаруй хувь нь “Юу ч хийгээд нэмэргүй, юу хийхээ мэдэхгүй байна” гэж хариулсан нь иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх шаардлага байгааг харуулсан үзүүлэлт учраас бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай учир аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж батлуулахаар танидлцуулж байна” гэлээ.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Тэргүүлэгчдээс иргэдэд хуулийг сурталчлан таниулахдаа хялбар ойлгомжтой аргыг ашиглаж удирдах албан тушаалтнуудад чиглэсэн сургалт явуулж өсвөр залуу үеийнхэнд шинээр гарсан хууль тогтоомжийн тухай мэдээ мэдээллийг “Иргэний боловсрол” хичээлээр дамжуулж хүргэх, мөн иргэдэд хууль зүйн зөвлөгөөг өгөх “Цахим хөтөч”-ийг ажиллуулах зэрэг хүнд хүрсэн, амьдралд ойрхон саналуудыг тусгаж хэрэгжүүлэх үүрэг өгч 100 хувийн саналаар баталлаа.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ