"Дархан-Төмөрлөгийн үйлдвэр" Монгол Улсын Аж үйлдвэрийн хоёр гавьяаттай боллоо

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-07-10 16:15:01
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 96 жилдийн ойд зориулсан баярын хурал Дархан хотын Залуучууд театрт болов. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд, А.Түвшинбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон иргэд оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат баярын хурлыг товч үг хэлж нээгээд дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 63 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасныг гардууллаа. Эдгээр шагналын эхэнд “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Үйлдвэр Техникийн хэлтсийн дарга Ванчигийн Цэрэннадмидыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасныг гардууллаа. Урьд нь тус үйлдвэрийн анхны дарга н.Гаанжууржав энэ цолыг авч байсан бол хоёр дахь нь В.Цэрэннадмид боллоо.
Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор найм, “Алтан гадас” одонгоор 21, “Цэргийн гавъяаны одон”-гоор нэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 31, “Цэргийн хүндэт медаль”-иар нэг хүн тус тус энгэрээ мялаалаа. Монгол улсын Засгийн газрын шагнал “Осолгүй манлай жолооч” цол тэмдгээр тав, “Санхүү, банкны Тэргүүний ажилтан”, “Нийтийн аж ахуй тэргүүний ажилтан”, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны Тэргүүний ажилтан”, Зам, Тээвэр хөгжлийн яамны “Монгол улсын Онц тээвэрчин”, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр тус бүр нэг. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны “Газрын тосны Тэргүүний ажилтан”, Эрүүл Мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус бүр хоёр, Татварын Ерөнхий газрын “Үндэсний татварын хүндэт тэмдэг”-ээр гурван хүн шагнууллаа. Мөн аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдгээр зургаа, аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр таван иргэн энгэрээ мялаалгав. Дараа нь Ардын хувьсгалын 96 жилийн ойд зориулсан “Залуучууд театр”-ын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт боллоо.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ