Роб Хамфри: Сонирхолтой дүр бол алдаа, оноотой байх ёстой.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-04 16:50:14
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Tarzan, Lilo and Stitch гээд хүүхэлдэйн киноны олон зохиолыг бичсэн Роб Хамфри гэх эрхэмтэй уулзлаа. Тэрээр Холливудын шоу бизнес, кино урлаг, телевизийн салбарт 20 гаруй жил ажиллаж Эмми Телевизийн наадмаас 3 удаа, Академийн наадмаас “Оюутны Шилдэг Богино Хэмжээний кино”-ны шагналыг хүртэж байжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Тантай танилцаж байгаадаа таатай  байна. Манай уншигчдад та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Роб Хамфри  гэдэг.  Би “Энх тайвны корпус”-ын ажлаар 2016 онд  ирсэн. Одоо МУИС-ийн Орхон сургуульд англи хэлний багшаар ажиллаж байна. Ирэх жил хүртэл ажиллана. 
-Та яагаад хүүхэлдэйн киног сонгов оо ?
-Би сургуулиа төгсөөд 1988 онд хоёр найзтайгаа хамтарч кино хийж байлаа. Энэ нь “Yuppie” буюу Залуу хотын эксперт гэдэг нэртэй инээдмийн кино. Гол дүрд нь би өөрөө тоглосон.  Энэ бүтээл маань их санаандгүй байдлаар Walt Disney компанид очсоноор тэнд ажиллах боломж олдсон юм. Disney-д ороод зохиолыг нь бичсэн анхны цуврал гэвэл “Бараан далавчит нугас” гэдэг  шоу байлаа.
-Та Tarzan, Lilo and Stitch –ээс гадна өөр ямар, ямар зохиол дээр ажиллав ?
-Би Walt Disney-ээс гадна Nickelodeon, Warner Bros тэргүүтэй маш олон студи, кино компанид ажиллаж байсан. Ойролцоогоор 40 гаруй хүүхэлдэйн киноны зохиол бичсэн. Гэхдээ миний хувьд бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноноос илүүтэй телевизийн цуврал шоу,  зохиолд дуртай. Энэ чиглэлээрээ ч ажилласан.  
-Зохиолыг нь бичсэн кинонуудаасаа алинд нь хамгийн дуртай вэ?
-Энэ талаар бодож үзэж үзээгүй юм байна./Инээв/. Гэхдээ  Penguins of Madgasgar бол миний дуртай зохиолын маань нэг.  Уг хүүхэлдэйн цуврал нь Disney болон Dream works кино компаниудын хамтын бүтээл байсан.
-Хүүхэлдэйн киноны салбар маш хурдан өөрчлөгдөж компьютер график голлох боллоо.  Таны бодлоор зурган хүүхэлдэй, анимэйшн хоёрын аль нь шилдэг вэ?
-Аль аль нь гэж хэлмээр байна. Хэдийгээр технологийн дэвшил энэ салбарт хүчтэй нөлөөлж байгаа ч гараар зурах элементийг одоо хүртэл ашиглаж байгаа. Зөвхөн гар зургаар хүүхэлдэй хийдэг байхад нэг секундын хөдөлгөөн бүтээхэд 12 зураг ашигладаг байсан. Компьютерыг хүүхэлдэйн кино бүтээхэд ашиглаж эхэлснээр ихэнх зүйлс хялбар болсон.
-АНУ-д студи, компани, уран бүтээлчид хүүхдэд зориулсан аливаа дүр бүтээхдээ тавьдаг хамгийн энгийн, тодорхой шаардлага нь юу байдаг вэ?
-Хамгийн чухал шаардлага бол тухайн дүр нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх хэрэгтэй. Мөн дүр маань киног сонирхолтой болгож, үзэгчдийн хайрыг татсан байх ёстой байдаг. Миний бодлоор хүүхдэд зориулсан аливаа зүйл хийхдээ тэднийг биднээс өөр, хүүхэд юм чинь гэж үзэх  хэрэггүй. Хүүхдүүдийг инээлгэж, сонирхолд нь нийцсэн бүтээл хийе гэвэл  тэднийг насанд хүрэгчидтэй ижил түвшинд авч үзэх хэрэгтэй.
-Хүүхдэд зориулсан бүтээлийн эхний зорилго  юу  вэ? Ашиг уу эсвэл хүүхдийг хөгжүүлэх уу?
-Ашиг олох эсвэл хүүхдүүдийг зугаацуулах гэдэг бол эхний зорилго биш. Хамгийн чухал нь дүрийг сонирхолтой бүтээх ёстой. Хэрэв ингэж чадвал кино зохиол маань сайн болно. Зохиол сайн болбол кино маань хөгжилтэй болно.
-Та монголчуудын хийсэн хүүхэлдэйн кинонуудаас үзэж амжсан уу?
-Үзсэн. Гэхдээ нэрийг нь санахгүй байна. Өнгөрсөн үед болсон үйл явдлын тухай өгүүлж байсан. Кино бол хараагаар хүртдэг зүйл. Хэдийгээр би тухайн киноны хэлийг нь ойлгоогүй ч юу болж байгааг ойлгож чадсан. Тэр хүүхэлдэйн киноны нөхцөл байдал, өгүүлэмж нь надад маш их таалагдсан. Сул тал нь гэвэл гол дүрийн баатрыг хэт төгс төгөлдөр байдлаар илэрхийлж байсан. Сонирхолтой дүр бол алдаа, оноотой байх ёстой. Заримдаа жижиг ч бай том ч бай алдаанууд хүүхэлдэйн киног сонирхолтой болгож өгдөг.
-Хүүхдүүдийн үзэж буй кино эх хэл дээр байх нь чухал уу?  Монгол хүүхдүүд ихэвчлэн гадаадын  кино үздэг л дээ.
-Эх хэл дээр нь хийсэн хүүхэлдэйн кино тухайн хүүхдүүдийн соёлд маш их нөлөөлдөг.  Энэ нь үндэсний соёлоосоо суралцах, хадгалах ач холбогдолтой. Харин бусад хэл дээр үзэж буй хүүхэлдэйн кино нь зүгээр л сонирхолтой байдаг. Тэгэхээр Монголын уран бүтээлчид хүүхдэд зориулсан бүтээл хийхдээ заавал гадны орнуудтай адилхан зүйл хийх гэж оролдох албагүй. Өөрөөрөө байхад л болно. Соёл, сэтгэлгээ зэргээсээ хамаараад Монголчууд гайхалтай дүр бүтээж, зохиол бичиж амилуулж чадна.
-Та бид хоёр энэ удаа богино хугацаанд ярилцлаа. Эргэн уулзана гэдэгт итгэж байна. Баярлалаа.
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ