Зөөврийн наадмын талбайтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-04 16:44:12
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмыг зохион байгуулах комисс, салбар хороод ажилдаа ороод байна.  Энэ жилийн хувьд зөөврийн наадмын талбай ашиглан, баяр наадмаа аймгийнхаа зүүн дэнж дээр төвлөрүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Зөөврийн талбай нь нийт 450-520 хүний суудалтай зургаагаас долоон төрлийн асраас бүрдэх аж.

Сүхбаатар аймгийн хувьд хуучин наадмын талбай нь аймгийнхаа төвөөс баруун тийш байдаг бол морь барианы газар нь зүүн захдаа байдаг. Наадамчид морь бариа,  талбай хоёрын хооронд явах гэж багагүй хугацаа зарцуулдаг байсан. Тэгвэл энэ жилийн баяр наадмыг нэг дор буюу аймгийнхаа зүүн дэнжид төвлөрүүлэн хийхээр болжээ. Морь барианы ойролцоо наадмын талбайг шинээр барина. Ингэхдээ зөөврийн асар майхан ашиглах аж. Нийт 450-520 хүний суудалтай зөөврийн зориулалт бүхий асруудыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Улиастай хотод захиалгаар хийлгэж байна.

“Хуучин талбайг засаж тохижуулахад 70 орчим сая төгрөг шаардагдсан учраас бид судалж үзээд түүнээс арай бага өртөгөөр буюу 50 орчим сая төгрөгөөр энэхүү зөөврийн талбайг хийлгэхээр болсон. Зөөврийн талбайг ашиглаж дуусаад хураагаад авах учир эвдэрч муудахгүй, эдэлгээ удаан байх давуу талтай.  Мөн хойшид хаана ч зөөврийн талбайгаа бариад наадах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө ажлын хэсэг Улиастай хотод очиж, асар майхнуудынхаа захиалгыг өгөөд ирлээ. Харин эдгээр өдрүүдэд талбай засах газрыг услах, зүлэг ногоог сэргээх ажлууд хийгдэж байна...” гэдгийг Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Т. Амарбаатар хэллээ.  

Мөн наадмын талбайн эргэн тойронд аймаг болон Баруун-Урт сумын ёслол хүндэтгэлийн гэр, албан байгууллагуудын хүлээн авалтын гэр гээд 50 гэр баригдана.

Аймаг байгуулагдсаны 75, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2017 баяр наадмын үйл ажиллагаанд нийт 520 орчим сая төгрөг төсөвлөсөн. Гэхдээ аймаг орон нутгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор бай шагнал болон бусад зардлыг тодорхой хэмжээгээр танажээ.
Т. Одончимэг  
Холбоотой мэдээ