Италийн дуурь сонирхогчид Монголын дуучин Э.Амартүвшинг төгс дуучин хэмээн шагшив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-07-04 10:08:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин, Э.Амартүвшин энэ сарын 1-нд Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена Ди Веронад Ж.Вердийн “Риголетто” дуурийг нээж Риголеттогийн ариг дууллаа.

Уг бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра найруулан тавьж байгаа бөгөөд Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, удирдаач БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев удирдсан юм.

Арена Ди Веронад нийт таван удаа тоглох тус дуурийн эхний хоёр тоглолтод МУГЖ Э.Амартүвшин ийнхүү дуулж дуурийн нээлтэд оролцов.



Түүний энэхүү дүрийн талаар Италийн хэвлэлд "Гол дүрд нь анх удаа Монгол Улсын залуу баритон, гайхалтай өгөгдөлтэй дуучин Энхбатын Амартүвшин дуулсан нь /дөнгөж 30 настай/ тус дүрийн нууц далд санаа, онцлог бүрийг хэдийн таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижгэнэсэн алга ташилтыг зүй ёсоор хүртлээ" хэмээжээ. 

Эртний хүчирхэг Nталичуудын бахархалт байгууламж болох алдарт Веронагийн задгай театр нь 15000 үзэгчийн суудалтай аж.



Риголеттогийн дүрд Э.Амартүвшин энэ сарын 7-нд, Испани гаралтай алдарт баритон Карлос Алварез 14, 19-нд дуулах бол дэлхийн алдарт баритон хэмээгддэг Лео Нуччи  27-нд дуулах юм байна.

Дашрамд мэдээлэхэд, МУГЖ Э.Амартүвшин ирэх жил “Ернани” дуурь, Австралийн Седней дуурийн театрт дуулах урилга авчээ. 

Ж.Болор
Холбоотой мэдээ