Нүүдэлчдийн наадмаар үйлчилгээний газруудын ажилчид монгол үндэсний хувцасны соёлыг сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-29 13:16:03
Завхан/МОНЦАМЭ/. Ирэх долдугаар сард болох нүүдэлчдийн соёлын наадмын үеэр Завханы үйлчилгээний газрууд  зочид төлөөлөгчдөд өндөр түвшинд үйлчилнэ.
Тухайлбал нүүдэлчдийн соёлын наадмаар жижиг цайны газруудын хэмжээнд үйлчилгээ үзүүлэхээс илүү томоохон ресторануудын соёлтой үйлчилгээг үзүүлэх ажээ. Нүүдэлчдийн соёлын наадмын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудал, зоогийн газар, бар, лоунж, кафе, паб зэрэг үйлчилгээний байгууллагын ажилчдыг чадавхжуулах сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулжээ.
Энэхүү сургалтанд 24 сумын 80 гаруй үйлчилгээний ажилчид хамрагдсан байна. Мөн энэхүү сургалтанд амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газрын ажилчидаас гадна наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд зөөгч, бармен, өрөө үйлчилгээний ажилтан, зочин хүлээн авагчид хамрагдсан байна. Сургалтын үеэр үйлчилгээний газрын ажилчдын соёл, харилцаа хандлага, үйлчилгээний чанар стандартыг хэрхэн хангах, зочид үйлчлүүлэгчдийг татах ур чадвар, бүтээгдэхүүний чанар стандартын талаарх мэдлэг мэдээллийг өгчээ.
Дашрамд бүх үйлчилгээний газрын ажилчид нэгдсэн монгол загварын хувцас өмсч нүүдэлчдийн монгол хувцасны соёлыг сурталчлах юм байна. Мөн нүүдэлчдийн соёлын наадмын үеэр хөтөч, тайлбарлагч хийх сонирхолтой, англи, орос, хятад, солонгос хэлтэй залуучуудыг ажиллуулах бөгөөд нээлттэй түр ажлын байр зарлаж бүртгэл явагдаж сургалт хийгдэх ажээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ