Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайд Б.Чойжилсүрэнд олголоо.
Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах юм. Мөн баруун бүсэд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байна.
128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно
Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм.
Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажилчдын тоог 50-иас дээш хувиар бууруулахаар тусгасан юм.
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ-тай зөвшилцөнө
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Талууд 2017-2020 онд хамтран ажиллах стратегиа хэлэлцэн, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохирчээ. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд манай улсад 468 сая ам.долларын санхүүжилт хуваарилсан бөгөөд Энгийн эх үүсвэрээс 404 сая, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээл авах боломжтой юм.
Хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл нь хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгддөг бол Энгийн нь дунджаар 20 жилийн хугацаатай, Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг.
Манай улсад хуваарилагдсан зээлийг боловсролын чанар, хүртээмжийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн замыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг төсөлд зарцуулахаар төлөвлөжээ.