18-25 насны залуусын идэвх сул байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-26 09:51:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлээд гурван цаг өнгөрч байна. Энэ хугацаанд сонгогчдын ирц болон идэвх хэр байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн 1800 дугаар хэсгийн хорооноос сурвалжиллаа. 
Тус хэсгийн хороо нь нийт 2089 сонгогчтой бөгөөд "Түр хасав" тэмдэглэгээтэй 116 сонгогч байгаа аж. Санал хураалт эхэлснээс хойш 2.30 цагийн дараагийн байдлаар 284 сонгогч саналаа өгч, ирц 13.6 хувьтай байна. Үүнээс 18-25 насны сонгогч 29, 26-40 насны сонгогч 58, 41-55 насны сонгогч 81, 56-аас дээш насны сонгогч 116 байжээ. Өөрөөр хэлбэл 18-25 насны сонгогчдын идэвх харьцангуй сул, 56-аас дээш насны сонгогчид хамгийн идэвхтэй байна.
Тус хэсгийн хороонд нийт 13 ажиглагч байгаагаас АН, МАН-аас тус бүр дөрөв, МАХН-аас гурав, Төрийн бус байгууллагаас хоёр ажиглагч ажиллаж байгаа гэж Хэсгийн ахлагч Б.Байгальмаа хэлж байв. Сонгинохайрхан дүүрэгт нийт 10 санал авах байранд Төрийн бус байгууллагын ажиглагчид ажиллаж байгаа юм байна.
Хэсгийн хорооны хувьд 10.00 цагийн орчимд сонгогчдын идэвх төдийлөн сайн биш, дараалалгүй, санал авах байранд 3-4 хүн саналаа өгч байв. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

 
Холбоотой мэдээ