Керри Казахстанд хоёр орны хамтын ажиллагааг хэлэлцэнэ

ДЭЛХИЙД
jargal@montsame.mn
2015-11-02 11:40:56

АСТАНА. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Төв Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Астана хотод Казахстаны удирдлагатай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны болон олон улсын асуудлаар хэлэлцээ хийнэ.

Керригийн Астана хотод хийх уулзалтуудын дийлэнх нь хаалттай болно. Казахстаны Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тэрбээр айлчлалын эхний өдөр үд дунд Казахстаны Гадаад хэргийн сайд Ерлан Идрисовтой Казахстан-Америкийн стратегийн түншлэлийн комиссын ээлжит дөрөвдүгээр хурлын хэлбэрээр хэлэлцээ хийнэ.

Казахстан дахь АНУ-ын Элчин сайдын яамны мэдээллээр, Керри тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Ерөнхий сайд Карим Масимов нартай уулзана. Уулзалтын үеэр хоёр талын харилцаатай холбоотой асуудлуудыг болон олон улсын чухал сэдвүүдийг хэлэлцэнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үдээс хойш Назарбаев их сургуульд олон улсын асуудлыг шийдэхэд Төв Азийн орнуудын гүйцэтгэх үүргийн талаар үг хэлнэ.

Уулзалт хэлэлцээнүүдийн үеэр өргөн хүрээтэй асуудлуудыг, ялангуяа бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Тухайлбал, Сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалтыг нийслэл Астана хотдоо зохион байгуулах санаачилгыг Казахстаны эрх баригчид гаргасныг харгалзан Сирийн хямралыг хөндөж магадгүй. Ийм хэлэлцээний хоёр дахь шат саяхан 10 дугаар сарын 2-4-нд болсон юм. Түүнчлэн Керри 10 дугаар сарын 29-нд Венад болсон Сирийн асуудлаарх хэлэлцээнд оролцсоныхоо дараа Төв азийн орнуудад айлчлал хийхээр мордсон билээ.

Үүнээс гадна, хэлэлцэж магадгүй сэдвүүдийн дотор Афганистаныг оруулж байна. Казахстан улс эдийн засаг болон хүмүүнлэгийн холбоо харилцаагаа өргөтгөн Афганистаны байдлыг зохицуулахад идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгаа юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ