Афганистаны хүчин "Талибан"-ы 44 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-02 10:18:47

КАБУЛ. /Xinhua/. Афганистаны хойд нутгийн Кундуз болон өмнөд нутгийн Гильменд мужид ням гарагт болсон мөргөлдөөний үеэр “Талибан” бүлэглэлийн 44 босогчийг устгалаа гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Өмнөд нутгийн Гильменд муж дахь “Талибан”-ы хуучин түшиц газарт болсон мөргөлдөөний үеэр 30 босогчийг устгасан гэж тус мужийн Цагдаагийн газрын дарга Наби Жэн Муллахил мэдэгджээ.

Нар-э-Сарай дүүрэг дэх Гильменд мужийг Кандагар хоттой холбодог хурдны замд байрлах цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү “Талибан”-ы босогчид халдаж, цагдаа нар болон босогчид хооронд таван цаг ширүүн буудалцаан болох үеэр 30 босогч устгагдаж, бусад нь зугатсан гэж Муллахил мэдэгдсэн байна.

Буудалцааны үеэр нэг цагдаа хөнгөн шархаджээ.

Энх тайван, аюулгүй байдал тогтохоос нааш босогчидтой тэмцэх ажиллагааг зогсоохгүй гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн түүний мэдэгдсэнээр, Гильменд мужийн нийслэл Лашкаргах хотыг Кандагар хоттой холбодог хурдны замыг босогчид хаах гэж оролдсон боловч цагдаа нар тэдний төлөвлөгөөг нураажээ.

Үүнээс гадна, Кундуз мужийн Дашт-е Арчи дүүрэгт 14 босогчийг мөн өдөр устгасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ