Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-06-21 15:34:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас өнөөдөр “Туулын хар шугуй” ТББ-ын 50 гаруй гишүүнд байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардуулав.

“Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж байсныг тус ТББ-ынхан гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тиймээс БОАЖЯ-наас байгаль орчноо хамгаалах үйлсэн үнэтэй хувь нэмэр оруулж буй “Туулын хар шугуй” ТББ-тай хамтран ажиллах болж, улсын байцаагчийн үнэмлэх гардууллаа. Ингэснээр байгаль хамгаалах үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах боломж бүрдэж байгаа юм. Тус ТББ-ын гишүүдийг БОАЖЯ-наас Туул голын орчимд эргүүл хийх унаа, тэмдэглэгээ бүхий хувцас хэрэглэлээр хангах аж.

“Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдээс ирүүлсэн гэрэл зурагт үндэслэн БОАЖ-ын сайдын тушаалаар Туул голын орчмыг бохирдуулсан үйл ажиллагааг таслан зогсоож, нөхөн сэргээлгэх ажлын хэсэг байгуулжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ