Аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-06-21 14:24:12
Увс /МОНЦАМЭ/ 2017 оныг Увс аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд томоохон баяр наадам, арга хэмжээг аймагтаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр ажилгүйдлыг бууруулах, эдийн засгаа сэргээх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх нэг гарц болно гэж үзэж байна. Учир нь Увс аймаг байгалийн үзэсгэлэнт газар олонтой, аялал жуулчлал хөгжих боломжтой бүс нутагт зүй ёсоор ордог.
Гэвч өнгөрсөн хугацаанд Увс аймаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх тодорхой бодлогогүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл энэ жил Увс аймаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх дэд хөтөлбөртэй болж хамгийн гол нь томоохон улс орны туршлагыг судлах, үүнийгээ орон нутагтаа нэвтрүүлэх арга замыг эрэлхийлэх, түүнчлэн томоохон арга хэмжээ, баяр наадмыг аймагтаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Энэ зун Увс аймагт Хан хөхий хайрханы тахилга, Морьтон монгол наадам, баруун монголын язгуур урлагийн олон улсын наадам зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнийг дагаад Увс аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Энэ хирээр аймагтаа тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжтой. Харин аялал жуулчлалын газруудын хүрэлцээ, тав тухыг сайжруулах нь чухал байна. Мөн дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол, хийцэд анхаарах шаардлага тулгарч байгаа. Зөвхөн энэ зун зохион байгуулагдах томоохон арга хэмжээнүүдээс гадна жилийн дөрвөн улиралд Увс аймаг аялал жуулчлалаараа дамжуулан ашиг олох, үүнийгээ түшиглэж иргэд амьжиргаагаа дээшлүүлэх бүрэн боломжтой болно” хэмээн аймгийн БОАЖГ-ын Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Нямбат хэллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ