Монгол-Солонгосын эрдэмтэд газрын нөөцийг баталгаажуулах шинжлэх ухааны хамтын ажиллагааг эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-06-14 14:58:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн зургадугаар сарын 17-нд дэлхийн нийтээр ялангуяа ган, цөлжилт, газрын доройтлын асуудалд нэрвэгдээд байгаа улс орон, бүс нутагт “Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг 1995 оноос тэмдэглэдэг уламжлалтай.

Эл өдрийг тохиолдуулан БНСУ-ын Ойн хорооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Ногоон хэрэм” төслийн хүрээнд “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг маргааш Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.

Тус хурлаар өнгөрсөн хугацаанд төслөөс олж авсан мэдлэг, сургамжийг хэлэлцэж, цаашид Тогтвортой хөгжлийн тулгуур болох шинжлэх ухааны газрын нөөцийг баталгаажуулахад  шинжлэх ухааны хамтын ажиллагааг эхлүүлэх, газрын менежменттэй уялдсан асуудлыг хэрхэн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх талаар БНСУ-ын эрдэмтэдтэй туршлага хуваалцах юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг 2005-2035 онд хэрэгжүүлэхээр баталсан. Манай улсын энэхүү санаачилгыг БНСУ-ын Ойн хороо сайшаан хүлээн авч хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний үндсэн хэсэг болсон бөгөөд энэхүү гэрээгээр 2007 оноос хэрэгжиж буй тус төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд гандуу бүс нутгийн нийт 3050 га-д ойжуулалт хийгээд байгаа юм.
 
Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбайг өнөөдрийн байдлаар 230.5 мянган га гэж тооцож буй. Цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ойн тогтолцоог бий болгох замаар ган хуурайшил, газрын доройтлыг бууруулахад зөвхөн ой ургуулаад зогсохгүй тэрхүү ойн талбайгаас тогтвортой орлого бүрдүүлэхийг чухалчилж байгаа билээ. Иймд гандуу бүс нутагт ойжуулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн ард иргэдэд орлогын эх үүсвэрээ тэлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдэл байгааг таниулан ойлгуулах нь 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх бодлогын чухал асуудал болж буйг мэргэжилтнүүд хэлж байна.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ