Умард Солонгос цөмийн полигондоо хонгил барьж эхэлжээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-30 10:16:13

МОСКВА. /RIA Novosti/. Умард Солонгосын эрх баригчид улсынхаа хойд нутагт оршдог Хамген-Пүкто мужийн Пангири полигонд шинээр хонгил барих ажлыг эхлүүлсэн тухай “Bloomberg” агентлаг Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээллийг иш татан уламжилж байна. Уг полигонд 2006, 2009 онд цөмийн туршилт явуулж байсан билээ.

Энэ үйл ажиллагаа нь цөмийн шинэ туршилт явуулахаар бэлтгэж байгааг харуулж байж магадгүй гэж Ёнхап агентлагийн Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалж мэдээлснийг тус агентлаг онцлон тэмдэглэж байна.

Пхеньян цөмийн шинэ туршилт явуулахаар бэлтгэж байж магадгүй, гэхдээ туршилтыг ойрын хугацаанд явуулахгүй гэж урьд нь Өмнөд Солонгосын тагнуулын албаны төлөөлөгч тус улсын парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Умард Солонгос 2005 онд өөрийгөө цөмийн гүрэн хэмээн дангаар зарласан юм. Пхеньяны эрх баригчид 2006, 2009, 2013 онд газар дор цөмийн туршилт явуулсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг эрс эсэргүүцсэн билээ. Умард Солонгосын энэ үйлдлийн хариуд цөмийн салбар дахь үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан хэд хэдэн тогтоолыг НҮБ баталсан.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ