Завханы Хүүхдийн тасаг хүнд өвчтэй хүүхэд эмчлэх багаж, төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-06 17:20:49

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Хүүхдийн тасагт Баян-Айраг эксплорэйшн ХХК-иас хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэжээ.

Тус компани Завханы Дөрвөлжин сумд уул уурхайн чиглэлээр ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд олон талын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ утгаараа аймгийн Хүүхдийн тасагт 12 сая төгрөгний аппарат, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтэй хүүхдүүд нэн шаардлагатай байгаа бөгөөд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат нэг ширхэг, судсаар тариа хийдэг татуурга хоёр ширхэг, зүрхний цохилтын тоо, захын судасны хүчилтөрөгчийг хэмжигч, артерийн даралт хэмжигч гэх мэтийг бэлэглэжээ.
Завханы Нэгдсэн эмнэлгийн  Хүүхдийн тасаг нь 40 хүүхдийн ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 20 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Цаг агаар дулаарч цэцэрлэг сургууль амарч хүүхдийн өвчлөл багассан. Одоогийн байдлаар ам биеэр туурдаг, гүйлгэдэг ханиад мэр сэр гарч байна. Мөн суулгалтаар өвдсөн хүүхдүүд эмчлэгдэж байгаа талаар аймгийн Хүүхдийн тасгийн их эмч мэдээллээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ