Сирийн асуудлаарх хэлэлцээнд Иран оролцоно

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-29 11:51:32

ВЕНА. /ВВС/. Сирийн хямралыг зохицуулах улс төрийн арга замыг олох тухай олон талын хэлэлцээ энэ долоо хоногт Австрийн Вена хотод болох бөгөөд үүнд Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф оролцоно.

Ингэснээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын холбоотон Иран ийм дээд хэмжээний уулзалтад анх удаа АНУ-ын хамт оролцохоор болж байна.

ОХУ, Саудын Арави, Туркийн төлөөлөгчид хэлэлцээнд мөн оролцоно.

Өрнөдийн дэмжлэгтэй Сирийн сөрөг хүчний хүсэлтийн дагуу Иранд урилга илгээсэн гэж АНУ өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Үүний зэрэгцээ, өнгөрсөн 24 цагт Сири дэх босогчдын 118 байрлалд агаараас цохилт өгсөн нь шинэ амжилт болсон бөгөөд энэ нь тагнуулын шинэ мэдээллийн үр дүн юм гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Сирийн асуудлаарх хэлэлцээний гол үе маргааш эхлэх боловч өнөө орой бэлтгэл уулзалтууд болж магадгүй байна гэж дипломатууд мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ