Дулаан баригч бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан, “Гүүд Нэйборс” Олон улсын Төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Дун Чол нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Түлшний зардлыг хэмнэж, амьдрах эрүүл таатай орчныг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг ханган, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор G-Saver хэмээх дулаан баригч бүтээгдэхүүнийг Сайнцагаан сумын гэр хорооллын айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр хүргэж ажиллахад хамтын ажиллагаа чиглэнэ.
БНСУ-ын Гадаад харилцааны яам, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн Хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны нийгэмлэг, “Гүүд Нэйборс” Олон улсын ТББ хамтран санхүүжүүлж, оновчтой технологийн тэргүүлэх загвар болох G-Saver дулаан баригч бүтээгдэхүүнийг Монгол орны цаг агаар, монгол гэрийн онцлогт тохируулан түлшний зардал хэмнэж, агаарын бохирдол бууруулах үүднээс зохион бүтээсэн байна. Энэ бүтээгдэхүүнийг иргэдийн хүсэлтээр уламжлалт зуухан дээр суурилуулж, үр дүнг тооцон ажиллахаар Сайнцагаан сумыг сонгожээ.
“Гүүд Нэйборс” нь 1991 онд БНСУ- д байгуулагдсан хүмүүнлэгийн үйл ажиллагаатай, нийгмийн болон хүний хөгжлийг дэмждэг ашгийн бус, шашны бус Олон улсын төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн 25 улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байна.
Тус байгуулага дулаан баригч бүтээгдэхүүнийг бага, дунд орлоготой өрхөд нийлүүлэх энэ хөтөлбөрийг урьд нь Улаанбаатар хотын 8 дүүрэг болон Завхан аймагт хэрэгжүүлжээ.
Дундговь Т. Отгонтуяа