“Майдарын баяр”-ыг ёслол төгөлдөр хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-27 12:54:11
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Цэцэрлэг хотод өнөөдөр буюу зуны эхэн сарын шиний 2-ны өдөр сайн сайхныг бэлэгдэгч, ирээдүй цагийн Майдар бурханыг эргэх ёслол боллоо.  Эрт дээр үеэс Бурхан багшийг “Майдарын дүрээр заларна” гэж бэлэгшээн ирээдүй цагт болох сайн ерөөлийг тавьж “Майдарын баяр”-ыг олон зуун жилийн турш Монгол түмэн хийж ирсэн байдаг байна.

Архангай аймгийн хувьд 1937 онд Майдар эргэх отгон ёслол гэж аймгийн музейн урд хийж байжээ. Түүнээс хойш  Майдар бурханыг эргэх ёслолыг хийлгүй тасалдуулсаар ийнхүү 80 жилийн дараа уг ёслолыг түмэн зон олныхоо хамтаар хийж байгаа ажээ.

Майдар бурханыг эргэхэд 10 зүгийн 1000 бурхан заларч, Бурхан багшийг Майдарын дүрээр бодитойгоор залран ирдэг гэж бэлэгшээн хүн бүхэн ирээдүй цагийн бэлэг дэмбэрэл болгон сайн сайхан үйлийг хийж баярладаг байна.  Мөн Часүм уншин Түй мандал өргөж, төрийн 7 эрдэнэ, Өлзийт найман тахил, Майдарын ерөөл зэргийг Монгол хэлээр уншсан нь иргэдэд таатай байлаа.

Майдар бурханыг эргэх ёслолыг аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдээс зохион байгуулж байгаа бөгөөд эрт дээр үеэс Заяын хүрээний Майдар гэж өвөрмөц онцлог, ёс жаягтай ёслол байдгийг үзэх гэж Оросын Буриад, Эрхүү, Улаанбаатар хотын гандан хийдүүдээс олон лам нар ирж оролцсон юм. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ