Мэргэжлийн 80 гаруй байгууллага хотын ногоон байгууламжийг арчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-05-24 13:39:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлага бий болгон, гадна талд нь төмөр хашлагаар хамгаалалт хийж байна. 

 Тодруулбал Энхтайваны өргөн чөлөө Офицеруудын ордноос 5 шар хүртэл, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө буюу Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарив. Мөн Энхтайваны өргөн чөлөө офицеруудын ордноос 5 шар хүртэл, Нарны зам дагуу 32528 урт/м хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлагыг бий болголоо. Түүнчлэн Чингүнжавын гудамж, Амарсанаагийн гудамж, Вокзалын арын цэцэрлэг, Хасбаатарын гудамж, Сансарын тунелын өмнөх цэцэрлэг, Намнансүрэнгийн гудамж, Махатма Гандигийн гудамж Самбуугийн гудамж, Залуучуудын гудамжинд 6580 урт/м хайлаас, шар хуайсыг тарьж, ургамлан хашлагыг нягтруулан нөхөв.
 
 Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх төмөр замын хоёр талын хамгаалалтын зурваст 8000 улиас, 24000 хайлаасыг тарьж, нийтийн эзэмшлийн 98 гудамж, цэцэрлэгийн 99,1 га талбайн ногоон байгууламжийг арчилжээ.
 
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлуудыг гурван жил тогтмол арчлах нөхцлөөр мэргэжлийн 80 гаруй байгууллага гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд усалгаа арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж буй аж.
Холбоотой мэдээ