Уянга сумаас улсын аварга анги төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 14:35:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/ "Арифметик 6-7" математикийн улсын II олимпиадад Уянга сумын ЕБ-ийн 1-р сургуулийн Ё.Соёлмаа багштай 7б ангийн сурагчид тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэд болжээ.
Тус олимпиад Улаанбаатар хот ба хөдөө, орон нутаг гэсэн ангиллаар “Эхлэл” сургуулийн захирал Монгол улсын зөвлөх багш А.Энхжаргалын нэрэмжит болон зохиогдсон бөгөөд уралдааны I шатанд  хот, хөдөөгийн 70 бүлгийн багш, сурагчид оролцсоноос II шатанд 27 бүлгийн багш, сурагчид шалгаран өрсөлдсөн байна. Уянга сумын 7б ангийн сурагчид даалгавраа 80,26%-ийн гүйцэтгэлтэй бодож, орон нутгаас тэргүүлсэн амжилтыг гаргажээ.
"Арифметик 6-7" олимпиадыг 6-7 дугаар ангийн сурагчдын математикийн хичээлийн чадварыг ахисан түвшинд  олгох, багш нарын заах арга ур чадварт ахиц гаргах, дэмжин туслах, сурагчдыг математикт дур сонирхолтой болгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ