Монгол хувцсыг оёдолчин бүхэн оёдоггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-20 16:11:33
Өвөрхангай /МОНЦАМЭ/ 
Мөнгөн мөнгөн зүүгээр
Алтан утас сүвлэсэн
Мөрөөдөл хүслийн оргилдоо
Ардынхаа сэтгэлийг дээдэлсэн уран үйлчин, оёдолчдын урмыг сэргээж, хөдөлмөрийг үнэлсэн нэгэн сайхан үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас Монгол орон даяар зохион байгуулж буй “Уран үйлчин” уралдааны анхдугаар шатанд Өвөрхангай аймгийн 300 гаруй оёдолчдоос 120 орчим үйлчин оролцон монгол цамц урлаж, ур ухаан, авъяас чадвараа сорьсон юм. Уралдааны хамтрагчаар Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААГ, МСҮТ, Оёдлын холбоо ажиллаж байгаа бөгөөд ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир үг хэлэхдээ  “Манай аймаг хөдөө аж ахуй түшиглэсэн эдийн засагтай аймаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тэр дотроо 50 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг юм. Тиймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр  мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг хангасан үйлдвэрлэл явуулах талаар тусгасан. Ноосны үйлдвэрт ноосоо самнаад угаагаад боловсруулаад хөнжил зэрэг бүтээгдэхүүн хийж эхэллээ. Махныхаа үйлдвэрийг ашиглалтад оруулахаар гэрээ хэлэлцээр хийгээд байна. Гурилын хэрэгцээнийхээ 60 орчим хувийг аймаг өөрөө хангаж байна. Чацарганы тариалалтаар улсад дээгүүр явж байгаа. Энэ мэтээр хөдөө аж ахуйн салбарын ирээдүй хөгжих хандлагатай байгаа юм. Цаашид нийт иргэдийн эдэлдэг, хэрэглэдэг, өмсдөг бүтээгдэхүүнийг та бүхэн маань хэрхэн нийлүүлэх, бидний зүгээс дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд яаж дэмжих талаар тодорхой бодлого боловсруулж ажиллах нь зүйтэй юм байна. Үүний тулд оёдолчид маань бүлэг, хоршоо, нөхөрлөл болж ажиллах хэрэгтэй. Зохион байгуулалттай, цогц үйл ажиллагаа явуулснаар төрийн дэмжлэгийг авах боломж илүү бүрддэг” хэмээв.
“Өвөрхангай аймаг урлаач, сийлбэрчид, оёдолчдын өлгий нутаг учраас гарын уртай хүн олон. Тиймээс уралдааныг шүүж дүн гаргахад маш хэцүү байлаа. Яг л хатгамлын машин шиг гараар хатгаж, зүү ороож байна, үнэхээр гайхалтай...” гэж  уралдааны санаачлагч, “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, үндэсний брэнд хувцас үйлдвэрлэгч “Эксклюзив ХХК-ийн захирал Г.Майцэцэг хэлж байлаа.
Асашёорү их аварга Д.Дагвадорж авга эгч Д.Совхиронгийнхоо гэгээн дурсгалд зориулж өөрийн нэрэмжит шагналaa нутгийн оёдолчдодоо илгээсэн нь уралдааны нэг сюрприз байсан ба Бүрд сумаас ирж оролцож буй Ө.Оюун-Эрдэнэ энэхүү шагналыг хүртлээ. Тэрээр  оёсон цамцныхаа зах, эмжээрийг загасан нуруугаар оёсон нь шүүгчийн анхаарлыг их татаж байсан юм.
“Аймгийн тэргүүн дэд аварга уран үйлчин”-ээр Богд сумын үйлчин Г.Жаргалбат шалгарч 100 мянган төгрөг, өргөмжлөл, JUKI брэндийн оёдлын машинаар шагнуулсан бол, “Аймгийн тэргүүн аварга уран үйлчин”-ээр Арвайхээр сумын оёдолчин П.Гэрэлмаа шалгарч, 300 мянган төгрөг, өргөмжлөл, JUKI брэндийн оёдлын машин, “Аймгийн аварга уран үйлчин”-ээр Хархорин сумын оёдолчин Т. Уламбаяр шалгарч, 500 мянган төгрөг, тууз, медаль, JUKI брэндийн оёдлын машинаар тус тус шагнууллаа.
Уралдаанаас 35 оёдолчин бүсийн уралдаанд оролцох эрх авсан бөгөөд оёдолчин бүрт “Аймгийн уран үйлчин” хэмээх батламжийг олгосон юм. Энэ тухай Г.Майцэцэг хэлэхдээ “Монгол хувцсыг оёдолчин бүхэн оёдоггүй. Монгол хувцсыг оёдог хүмүүс байгалиасаа заяагдсан авъяастай, дээр нь нөр их хөдөлмөр гаргаж байж урладаг учраас анхан шатанд оролцсон оёдолчин бүрт “Уран үйлчин” батламж олголоо” хэмээж байв.
“Уран үйлчин” уралдаан улсын хэмжээнд гурван үе шаттай явагдана. Аймгаас шалгарсан оёдолчид бүсэд цаашлаад улсад өрсөлдөж “Улсын тэргүүн дэд аварга үйлчин”, “Улсын тэргүүн аварга уран үйлчин”, “Улсын аварга уран үйлчин” хэмээх эрхэм цол алдрыг авна. Шагналын нийт сан 100 сая төгрөг ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ