Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-18 13:07:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд анхны хэлэлцүүлгээс гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгасан юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хууль маш хариуцлагатай хууль. Шүүх хуралдааны явцад прокурор “хэргийг буцаая” гэж санал гаргавал автоматаар буцах зохицуулалт байна. Өнөөдөр эх орноосоо урвасан асуудлыг хуулиар хассан байгаа. Ноцтой асуудлыг ямар бодлого, санаагаар явуулаад байгаа юм бэ. Яагаад хөөн хэлэлцэх хугацаагүй оруулж ирсэн юм бэ” гэхэд Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Эх орноосоо урвах гэсэн үйлдлийг бие даасан байдлаар оруулсан. Энэ үйлдлээр 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай байгаа. Гадаадын тагнуул, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан бол 8-12, төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэн уг үйлдлийг хийсэн бол бүх насаар нь шийтгэнэ гэсэн заалттай байгаа. Алан хядах ажиллагаанд оролцсон этгээдийг хорино. Бие даасан гэмт хэрэг болгон хуульд оруулсан. Өмнөх парламентын үед баталсан хууль. Эрүүгийн хуулийн 1.10-т хөөн хэлэлцэх хугацаа гэж оруулж ирсэн. Хорих ялын дээд хэмжээг 1 жил түүнээс дээш хугацаагаар тогтоосон бол хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байна хэмээн зүйл заалт бүрээр нь тусган оруулсан. Хөөн хэлэлцэх хугацааг 4 ангилсан” гэж хариулав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хүний эрхийг дордуулсан шийдвэр боллоо. Баривчлах хугацааг 24 цаг байсныг 48 цаг болгожээ. Сүүлийн гурван жил 5000 гаруй иргэнийг баривчлаад 80 хувийг нь буцаан явуулсан байдаг. Тухайн хүнийг гэмт хэрэгтэн байсан гэж нийгэмд харлуулах гэж байгаа үйлдэл. Энэ бол хүний эрхэнд халдсан зүйл” гэхэд Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Албадан саатуулах хугацаа шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай байх ёстой. Хүний эрхэнд халдсан хүнийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн эрх бүхий ажилтан аймгийн төвийн цагдаагийн байгууллагад аваачих хугацаанд 24 цаг нь дуусгавар болдог гэж мэргэжилтнүүд хэлж, 48 цаг болгосон. Дэлхийн олон улс орон шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй, шүүх дээрээ нөхөн гүйцэтгүүлэх ажиллагаагаар шийддэг” гэсэн юм.

Ингээд  зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалгаж дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж гишүүдийн 81.2 хувь нь дэмжлээ. Мөн холбогдох хууль, тогтоолын төслүүдийг нэг бүрчлэн санал хурааж баталлаа.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ