Их Британийн ахмад дайчин 101 насандаа шүхрээр буужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-15 16:59:06
ЛОНДОН./TASS/. 1944 оны 6 дугаар сард холбоотны цэргийн Нормандын десант буулгах ажиллагаанд оролцож байсан ахмад дайчин Брайсон Хейс дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин болжээ.

Өдгөө 101 нас 38 хоногтой Британийн иргэн тэрбээр буяны зорилгоор шүхрээр удаашруулсан буулт хийсэн байна. Энэ тухай “The Guardian” сонинд мэдээлжээ.

Их Британийн цэргийн холбооны ангийн байлдагч тэрбээр ням гарагт 5000 гаруй м-ийн өндрөөс гэр бүлийнхээ гурван үеийн хүмүүсийн хамтаар Английн баруун өмнө нутгийн Девон мужид шүхрээр буужээ. Тэдний хамгийн залуу нь 16 настай зээнцэр Стэнли бол хамгийн ахмад нь 74 настай Брайаны хүү  ажээ.

Газардсаныхаа дараа Б.Хейс хэлэхдээ “Би жаргал цэнгэлийн дээдийг мэдэрч байна, дараа дараагийн удаа шүхрээр буух мөчийг тэсч ядан хүлээж байна" гэлээ.

2013 онд мөн ийм буулт хийж байсан 101 нас 3 хоногтой Арман Жандрогийн тогтоосон дээд амжилтыг Б.Хейс ийнхүү эвдсэн байна.

Түүний энэ шүхрийн буултыг шууд дамжуулан үзүүлсэн хэд хэдэн телевизийн орлогыг Их Британийн ахмад дайчдад тусламж дэмжлэг үзүүлдэг буяны байгууллагад хандивлах юм.

Дэлхийн II дайны үеэр Голланд, Герман, Бельги, Францад болсон тулалдаануудад оролцож эрэлхэг гавьяа байгуулсан Б.Хейс Хүндэт легионы одон хүртэж байжээ.  “Би хэзээ нэгэн цагт амьд мэнд гэртээ харина гэж найддаггүй байсан. Нэг бус удаа үхлийн ирмэгт ирж байсан. Маш олон найз нөхдөөсөө хагацсан” хэмээн ахмад дайчин ярилаа.
О.Барс 

 

 

 


Холбоотой мэдээ