Архангай аймгийн Цахир суманд гурван ихэр тугал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-12 14:41:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн Хөх хошуу гэдэг газар хаваржиж байгаа Н.Бат-Эрдэнийн ягаан бор сарлагийн үнээ энэ сарын 8-ны өдөр гурван ихэр тугал гаргажээ. Бод мал ихэрлэх нь ховор тэр дундаа 3 ихэр тугал гаргах нь өмнө жилүүдэд бараг гарч байгаагүй тохиолдол байсан бол энэ жил Архангай аймгийн хэмжээнд 3 ихэр тугал Ихтамир, Цахир сумдад давтан тохиолдож байгааг малчид, нутгийн иргэд нь мал өсөхийн бэлгэдэл гэж харж байна.   

Архангай аймгийн хэмжээнд энэ хавар 2138501 толгой хээлтэгч мал төллөхөөс 05 дугаар сарын 11-ний байдлаар 1688234 толгой мал төллөсөн байна. Үүнээс ингэ 151 буюу 33.8 хувь, гүү 35539 буюу 32.3 хувь, үнээ 103089 буюу 46.5 хувь, эм хонь 1042644 буюу 87.8 хувь, эм ямаа 506811 буюу 83.2 хувь төллөж аймгийн дүнгээр мал төллөлт 79 хувьтай байна. Харин төл малын бойжилт 96.6 хувьтай, 5728 толгой төл хорогджээ.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ