"Forbes" сэтгүүл хамгийн баян рэперүүдийн жагсаалтыг нийтэлжээ

Дэлхийд | Соёл урлаг
bars@montsame.mn
2017-05-11 14:37:38
ЛОНДОН./BBC/. "Forbes" сэтгүүлийн судалгаагаар 2017 оны хамгийн баян рэп дуучнаар Diddy гэдэг нууц нэртэй Америкийн рэпер Шон Комбс тодорчээ. Түүний хөрөнгийн хэмжээ 820 орчим сая доллароор үнэлэгдэж байгаа ба тэрбээр таван жил дараалан жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Түүнээс араас “Jay Z” тайзны нууц нэртэй рэпер Шон Картер нэхэж яваа ба тэрбээр Комбсоос 10 сая доллароор дутуу яваа аж. Эхний гуравт 740 сая долларын хөрөнгөтэй Андре Янг /Dr.Dre/ орсон байна.

Дөрөв болон тавдугаар байрыг “Birdman” нэрээрээ олны танил болсон Брайан Уильямс, Канадын рэпер Обри Грэм /Drake/ хоёр тус бүр 110, 90 сая долларын хөрөнгөтэйгээр эзэлжээ.

Өдгөө 47 настай Шон Комбс уран бүтээлээ туурвихын зэрэгцээ “Sean John” хувцас үйлдвэрлэгч компани, Revolt TV компанийг эзэмшдэгээс гадна “Ciroc” архины брэндэд хувь эзэмшдэг байна. Түүний бизнесийн үйл ажиллагааг “Combs Enterprisis” компани зохицуулдаг аж.

Өмнө нь тэрбээр Нью-Йорк болон Атланта хотуудад Justin’s гэдэг хоёр рестораныг эзэмшдэг байсан ба эдгээр рестораныг хүүгийнхээ нэрээр нэрлэж байжээ. Эдгээр ресторан нь 2007 болон 2012 онд хаагдсан аж..

Шон Картер нь хөгжим, кино, телевизийн контентыг үйлдвэрлэдэг, мөн концерт зохион байгуулах ажил эрхэлдэг, Лондон, Нью-Йорк, Лос-Анжелест оффистой “Roc Nation” компанийг эзэмшдэг байна.  

Жагсаалтын хоёрдугаар бичигдсэн “Jay Z” нь 40/40 спорт бар-клубын сүлжээ, үнэртэн, гоо сайхны бараа үйлдвэрлэгч “Carol’s Daughter” компанийн хөрөнгө оруулагчаас гадна сагсан бөмбөгийн "Brooklyn Nets" баг болон “Tidal” стриминг сервисийг хамтран эзэмшигч юм.

“Forbes” сэтгүүл хамгийн баян хип-хоп одуудын жагсаалтыг 2011 оноос хойш жил бүр гаргаж байгаа аж.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ