Статистик мэдээллийг дамжуулах, ашиглах мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-09 23:15:19
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банк, “Ухаалаг засаг” төслөөс Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтэстэй хамтран “Баг, хорооны Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт”-ыг Мөрөн суманд зохион байгуулав.
Сургалтад 24 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан, 126 багийн Засаг дарга нар оролцож Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, багийн засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтны статистик мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг, хүн ам, өрхийн мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, удирдлага, манлайлал зэрэг сэдвээр багийн дарга нарт мэдээлэл хийв. Ингэснээр багийн дарга нар анхан шатны мэдээллийг дамжуулах, ашиглах, танилцуулга бэлтгэх чадвар эзэмшихээс гадна хүн амын мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн санг амжилттай хөтлөн явуулах боломж бүрдэх гэнэ. Тус аймагт нийтдээ 126 багийн засаг даргатай байгаагаас 60 орчим хувь нь 40 хүртэлх насны залуус, 62 хувь нь дээд боловсрол эзэмшсэн байгаа бол ердөө 18 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.
Сургалтын нээлтэнд Монгол Улсын ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Ганболд, Үндэсний Статистикийн хорооны дэд дарга Б.Баянчимэг, Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Э.Эрдэнэцэцэг нар оролцлоо.        
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ