“Хаан ширээний тоглоом” кино Исландын валютын ханшийг өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-09 15:57:30
ЛОНДОН./BBC/. Исландын кроны ханш өнгөрсөн онд дэлхийн бусад валюттай харьцуулахад хамгийн ихээр өссөн тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ.

2016 оны 5 дугаар сараас хойших хугацаанд Исландын мөнгөн тэмдэгтийн ханш ам.доллартой харьцуулахад 15 хувиар, евротой харьцуулахад 21 хувиар чангарчээ.

Исландын кроны ханш өсөхөд нөлөөлсөн гол зүйл бол сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон аялал жуулчлалын салбарт гарсан "тэсрэлт" аж. 2016 онд Исландад 1 сая 600 мянган жуулчин ирсэн нь тус улсын хүн амын тооноос тав дахин давж байгаа юм. Харин энэ онд  2 сая 400 мянган жуулчин ирэх төлөвтэй байна.

Жуулчдын сонирхлыг туйлын туяа, эмчилгээний аялал жуулчлал, алдартай кино цувралуудын зураг авалтыг хийсэн газрууд хамгийн ихээр татдаг ажээ.

Тус улсын хойд нутагт орших Миватн нуурын дэргэд HBO телевизийн компанийн бүтээл болох “Хаан ширээний тоглоом” цуврал киноны зураг авалтыг хийжээ. Жеймс Бондын хоёр ч кинонд  гардаг Йёкюльсаурлоун мөсөн арал мөн энд байдаг. Энэ мөсөн хойгт жил бүр ойролцоогоор 500 мянган жуулчин ирдэг ажээ.

Аялал жуулчлалаар амжилт олж буй Исланд улсад дутагдалтай тал ч бий. Учир нь, тус улсын эрүүлийг хамгаалах байгууллагууд, замын дэд бүтэц нь ийм олон жуулчныг хүлээж авахад бэлэн биш байна гэж 3 дугаар сард “Financial Times” сонин анхааруулж байлаа.

Исландын дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 оны сүүлчийн улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,3 хувиар өсчээ. Харин зэргэлдээ орших Европын Холбооны 28 орны эдийн засаг ердөө 1,9 хувийн өсөлттэй байлаа. Дашрамд дурдахад, Исланд улс Европын Холбоонд элсээгүй юм.
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ