Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохын тулд Ханновер хотоос 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2017-05-08 10:22:57
ХАННОВЕР. /VOA/.  Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгох томоохон ажиллагаа явуулахын тулд өнгөрсөн амралтын өдөр Германы хойд нутгийн Ханновер хотын 50 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Тус хотын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, саяхан барилгын талбайгаас хоёр тэсрэх бөмбөг олдсон бол үүнээс холгүй газраас гурван тэсрэх бөмбөг олдсон байна.

Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу дэлхийн II дайны үед нацист Германы эсрэг холбоотнуудын хүчний хаясан цэнэгтэй тэсрэх бөмбөгүүд Германы нутаг дэвсгэрээс байнга олдсоор байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, зөвхөн 1943 оны 10 дугаар сарын 9-ний өдөр л гэхэд Ханновер хотод 261 мянган ширхэг тэсрэх бөмбөг хаяж байжээ. Эдгээрээс олон тооны бөмбөг дэлбэрээгүй үлдсэн байна.

Ийм тэсрэх бөмбөгүүдийн хугацаа нь дуусч, тэсрэх бодисууд задран оршин суугчдад аюул учруулж болзошгүй гэж Германы эрх баригчид санаа зовниж байна.

Өнгөрсөн Зул сарын баяраар хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болсон юм. Тодруулбал, Их Британийн хаясан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохын тулд Германы өмнөд нутгийн Аугсбург хотоос 54 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж байжээ.
Г.Доржханд

 
Холбоотой мэдээ