Э.Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-05-08 07:33:07
ПАРИС. /Reuters/. Өнгөрсөн амралтын өдөр болсон Францын ерөнхийлөгчийн сонгуульд төвч үзэл баримтлагч Эммануэль Макрон ялах нь үндсэндээ тодорхой боллоо.

Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл, Э.Макрон сонгогчдын 65.5 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч болох хэт барууны үзэлт Марин Ле Пен 34.5 хувийн санал авчээ. Ингэснээр өдгөө 39 настай Э.Макрон  тус улсын хамгийн залуу ерөнхийлөгч болж байна.

Түүнээс гадна 1958 онд орчин үеийн Бүгд Найрамдах Франц Улс байгуулагдсанаас хойш тус улсын улс төрийн хоёр гол намаас өөр намаас ерөнхийлөгч тодорсон анхны тохиолдол нь энэ боллоо.

Э.Макрон “Францын түүхийн нэгэн шинэ хуудсыг бид хамтдаа сөхлөө. Одоо би итгэл найдварын хуудсыг эргүүлэхийг хүсч байна” гэж ард түмэндээ хандан хэлжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “маш олон хүн уур бухимдал, сэтгэл зовнил болон эргэлзээгээ илэрхийлснийг би сонссон.  Би ирэх таван жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихдаа “францчуудыг нэгтгэж, Европыг хамгаалах” болно” гэж цохон тэмдэглэсэн байна.

Францын ДХЯ-ны мэдэгдсэнээр, нийт саналын хуудасны 93 хувийг тоолсны дараах байдлаар Э.Макрон 19.3 сая санал авсан бол хатагтай Ле Пен 10.4 сая санал авчээ.

Э.Макрон өөрийн дэмжигчид болох хэдэн мянган хүний хамт урьд шөнө нийслэл Парис хотын төвд орших Луврын музейн гадна ялалтын баяраа тэмдэглэсэн байна.


Тэрбээр Европын Холбоотой харилцаагаа бэхжүүлж, бичиг баримттай цагаачдыг хүлээж авна гэж сонгуулийн кампанит ажлын үеэрээ амласан юм.

Харин Ле Пен  “ЕХ-ноос гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, аюулгүй байдлын үүднээс цагаачдыг Франц руу нэвтрүүлэхийг хязгаарлана” гэж амлаж байсан билээ.

 
Г.Доржханд


 
Холбоотой мэдээ