Бага хурлын гишүүдийн 85.7 хувийн саналаар М.Энхболдыг ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлж буйгаа албан ёсоор зарлав.
Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв.
МАН өчигдөр буюу энэ сарын 03-нд Бага хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулсан. МАН өнгөрсөн зургаан сарын хугацаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 мянган иргэний дунд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч байгаа талаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон иргэд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг нэрлэжээ. Судалгааны дүнг намын Удирдах зөвлөлд танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар нэрээ татжээ. Ийнхүү намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өрсөлдөх болсон. Бага хуралд оролцсон 259 гишүүний 85.7 хувь нь М.Энхболдыг дэмжсэнээр өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгааг албан ёсоор зарлаж байна хэмээн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Бага хурлын хэлэлцсэн томоохон асуудал нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн асуудал байсан. Бага хуралд оролцсон гишүүд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт санал нэгдсэн. Мөрийн хөтөлбөрийг эцэслэн баталсан. Одоо мөрийн хөтөлбөрийг Аудитын байгууллагад хүргүүлнэ. Аудит шалгасны дараа нийтэд танилцуулж, сурталчилгааны ажлаа эхлэх болно” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтран оролцох талаар ярилцсан уу?
-2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан. Тухайн үед Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. Тэр үед МАХН-ын даргын шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэн сонгуульд дангаараа оролцсон. Түүнээс хойш хамтран ажиллах талаар дахин яриагүй.
-УИХ-ын даргын суудал болон сул үлдэж байгаа нэг гишүүний суудлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ярих нь зөв. Эхлээд сонгуульдаа амжилттай оролцох ёстой.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал