Д. Улаанхүүхэн: Орон нутагт хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг бий болгоход хүнд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-05-03 17:19:33
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Д.Улаанхүүхэнээс орон нутгийн хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилгын талаар тодрууллаа.
Тэрээр “ Юуны өмнө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүстэй дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Манай аймгийн хувьд 60 мянган хүн амтай, аймгийн төв дээр нийт хүн амын 40 орчим хувь буюу 20 мянган хүн амьдардаг. Хэдийгээр манайд хэвлэл мэдээллийн байгууллага цөөн мэт боловч энэ нь нийт хүн амдаа харьцуулбал бас тийм ч цөөн биш харагддаг. Сүхбаатар аймагт хэвлэл мэдээллийн эрх чөлөө ихээр зөрчигдсөн гэх зүйл байхгүй ч бас үндсэн зарчмаараа ажиллаж чадаж байгаа гэж хэлэх нь өрөөсгөл юм. Учир нь хоёр телевизийн санхүүжүүлэгчид нь аль нэг намын харьяаллын хүмүүс байдаг. Тиймээс тэнд ажиллаж байгаа ажилтнууд өөрсдийн хөрөнгө оруулагчдын өнцгөөс мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээ бэлтгэх явдал их гардаг. Үүнээс үүдэн иргэд яг үнэн зөв бодит мэдээлэл олж авахад хэцүү. Үүнд бид аль аль талыг буруутгахад хэцүү л дээ, яагаад гэвэл ихэнх орон нутаг яг л ийм байдалтай байгаа. Орон нутагт хэвлэл мэдээллийн хараат бус бие даасан байдлыг бий болгоно гэдэг өөрөө маш хүнд. Гэхдээ бидний хувьд аль болох мэргэжлийн байр сууринаас хандахыг хичээж, салбарынхаа ажилчид болоод нийт иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх тал дээр анхаардаг. Манай салбарынхан, манай сэтгүүлчдийн хувьд ихэнх нь мэргэжлийн, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чаддаг, бас хоёр телевиз маань орон даяар цацагдаж байгаа нь бидний хамгийн том давуу тал. МСЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл 20 гаруй гишүүнтэй. Манай гишүүд харьцангуй залуужиж байгаа. Бид “Цөөхүүлээ боловч хүчтэй” гэсэн уриан дор нэгдэж, бие биенээ дэмжиж хамтран ажилладаг. Салбарынхаа ажилчдын цалин  хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар бодож төлөвлөсөн зүйл байдаг ч одоогоор бодитой ажил хэрэг болсон зүйл байхгүй байна. Мэдээж хийхээр бодож төлөвлөсөн зүйл их байна. Бид аймаг орон нутгийнхаа удирдлагуудтай уулзаж биднийг дэмжих, хамтран ажиллах талаар ярилцсан. Цаашид төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ гар нийлж, салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах болно...” гэсэн юм. 
Тус аймагт хэвлэл мэдээллийн хоёр байгууллага буюу хоёр телевиз тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Хэдий энэ нь цөөн мэт боловч орон нутгийнхээ мэдээ мэдээллийг аймгийнхаа бүх ард иргэдэд, цаашилбал орон даяар цацдагаараа давуу талтай. Мөн хувийн дуу, дүрс бичлэгийн хоёр студи ажилладаг бөгөөд тун удахгүй орон нутгийн мэдээ мэдээллийн тогтмол сонин хэвлэгдэж эхлэх гэж байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ