“Samsung"-ийн жолоочгүй машиныг нийтийн эзэмшлийн зам дээр туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-02 11:18:31
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Засгийн газар нийтийн эзэмшлийн зам дээр автомат жолоодлоготой буюу жолоочгүй машинаар туршилт хийх зөвшөөрлийг “Samsung Electronics” корпорацид өглөө. Энэ нь тус улсад нийтийн эзэмшлийн зам дээр автомат жолоодлоготой машинаар туршилт хийхийг зөвшөөрсөн анхны тохиолдол юм.

“Samsung Electronics” корпорацийн нийтийн эзэмшлийн зам дээр автомат жолоодлоготой автомашинаар туршилт хийх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авсан гэж Өмнөд Солонгосын Газар, тээвэр ба дэд бүтцийн яам өчигдөр мэдэгджээ.

Тус корпорацийн автомат жолоодлоготой машин нь янз бүрийн мэдрэгч төхөөрөмжүүдээр тоноглогдсон, дотооддоо шинэчлэн үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл аж.

Автомат жолоодлоготой машин зохион бүтээх хөтөлбөрийг тус компани 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ийм тээврийн хэрэгслийн талаарх дүрэм журмыг Өмнөд Солонгосын Газар, тээвэр ба дэд бүтцийн яам саяхнаас зөөлрүүлж эхэлжээ. Жолооны хүрд эсвэл дөрөөгүй автомат машинуудыг зам дээр туршихыг зөвшөөрч, туршилтын машин дотор сууж явах хүмүүсийн тоо хоёр байсныг нэг болгосон байна.
Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ