Тэргүүлэгчдийнхээ хандив тусламжаар шинэ байртай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-26 14:21:40

Баянзүрх дүүргийн Залуучуудын холбоо тэргүүлэгчдийнхээ хандив тусламжаар шинэ байртай боллоо.

Тус дүүргийн Залуучуудын холбоо энэ оны 8 сард анхдугаар чуулганаа хийж бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөн,  шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд залуус өөрсдийн санал санаачилгаар засч тохижуулсан шинэ байрандаа ороод байна. Тодруулбал, Холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлэх, залуучуудын холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх үүднээс өөрийн төв байрыг тэргүүлэгчдийнхээ санхүүгийн хандив тусламжаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 97 дугаар сургуулийн зүүн талд "Сод эрхэс" төвийн дэргэд байгуулсан байна. 

Баянзүрх дүүргийн Залуучуудын холбоо нь 17 тэргүүлэгч бүхий тэргүүлэгчдийн зөвлөл, 3 гишүүнтэй хариуцлагын хороотой бөгөөд тэргүүнээр Э.Бат-Амгалан, дэд тэргүүнээр Б.Галцог, үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар Ж.Мөнхсэргэлэн, салбар хариуцсан нарийн бичгийн даргаар Г.Бат-Амгалан  нар тус тус ажиллаж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ