"500 кг жинтэй" эмэгтэйн эгч нь Энэтхэгийн эмч нарыг "худал ярьж байна" гэж буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-04-26 14:16:53
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Дэлхийн хамгийн хүнд биетэй эмэгтэй гэгдэж байсан Египетийн иргэн Эман Абд эль Аты Энэтхэг улсад жин хасах хагалгаанд орсноор 250 кг жинтэй болсон гэх мэдээллийг түүний эгч няцаажээ.

Бариатрикийн буюу өөхлөх өвчлөлийг анагаах мэс засал хийсэн Энэтхэгийн эмч нарыг Эманы эгч “худал ярьж байна” гэж буруутгаад “дүүгийн маань бие их сул байна. Цус харвасан ч байж магадгүй” гэж ярив.

Харин Эманд хагалгаа хийсэн эмнэлгийн албаны хүмүүс түүний эгчийн ярьсныг үгүйсгэлээ.
Эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “энэ долоо хоногийн даваа гарагт түүний жинг дахин үзсэн. Одоо 172 кг жинтэй болсон байна” гэв.

Эман хэт их жинтэй байсан учраас  25 жилийн турш гэрээсээ гарч чадаагүй аж.

Түүнийг энэ оны нэгдүгээр сард Египетээс Энэтхэгийн Мумбай хотод тусгай нисэх онгоцоор авчирч, тус хотын “Saifee” эмнэлгийн эмч нар хагалгаа хийсэн юм.

“Эман Абд эль Аты одоо тэргэнцэр дээр суух боломжтой болсон. Мөн тэрбээр удаан хугацаагаар сууж чаддаг болсон” гэж эмнэлгийн эмч нар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
 
 
 
 

Холбоотой мэдээ