"Цэвэр орчин-Эрүүл амьдрал" бүх нийтийн цэвэрлэгээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-23 20:50:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд тусгагдсан "Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг" хэмээн заасныг биелүүлж, бүх нийтийн цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа.  
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Манай гудамж-Миний гэр" хөтөлбөрийн хүрээнд "Цэвэр орчин-Эрүүл амьдрал" аяныг Ногоон Сэлэнгэ хөдөлгөөнтэй уялдуулан аймгийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ хийх ажлаар эхлүүлж байгаа нь энэ юм. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын “Партизан”-ны талбайд болсон энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэхийг бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, сум, багийн Засаг дарга нарт даалгасан аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд хийгдэж байна. Энэхүү “Цэвэр орчин-Эрүүл амьдрал" аяны хүрээнд зохион байгуулагдсан бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын ТҮГ-ын ажилчдад ажлын хувцас бэлэглэлээ. Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа тохижилт үйлчилгээний байгууллагын 3 ажилтан, хашаа хороогоо үлгэр жишээ тохижуулсан Сүхбаатар сумын 3 иргэнийг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнаж урамшуулав.
Энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд аймгийн төвийн төр төсөв, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн 102 байгууллага хамрагдан хуваарийн дагуух газруудаа цэвэрлэж их хотынхоо 80 жилийн ойд бэлэг барьсан юм. Мөн Сүхбаатар сум дотор үйлчилгээ үзүүлдэг бага оврын ачааны машины 12 жолооч, хог тээвэрлэх гэрээ байгуулан ажиллалаа. Энэ өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын 1-р багийн нутаг дэвсгэр дээр байрлах хог хаях төв цэг дээр очиж бодит байдалтай танилцсан юм. Тэрээр хогийн цэг хог хаясан гадаргуугаараа томорч байгаа тул хогийг газар нутгийн хувьд хумиж багасгах, барилгын материал, бусад түүхий эдээр ангилах, түрж булах, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахыг Сүхбаатар сумын “Тохижилт үйлчилгээ”-ний газрын дарга Б.Насантогтоход үүрэг болголоо.
 Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ