Өвөрхангайд хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-21 14:12:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Адил боломж” аймгийн хөтөлбөрийг боловсруулж байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай халамж болон ижил тэгш харилцааг хүлээн авах эрхтэй” гэж тусгасан Хүүхдийн эрхийн конвенцийн заалт болон бусад бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан уг хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалж, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, халамж үйлчилгээг сайжруулах олон зорилтыг агуулж байгаа юм.
Хөтөлбөрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулан хэлэлцүүлж батлуулах бөгөөд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах эмчилгээний төвийг байгуулах, өрхийн болон сумдын эмч нарыг сэргээн засах чиглэлээр сурган мэргэшүүлэх, нярайн анхан шатны хараа, сонсгол, түнхний мултралтыг шалгах багаж хэрэгслээр хангах, БОЭТ-ийн ЭНЧХХ-н тасгийг бага насны хүүхдийн сонсголын бичлэгийн аппарат, эхо аппаратаар хангах, хөгжийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамирын хичээл хийх тоног төхөөрөмжтэй болгох гэхчлэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг анхаарсан үйл ажиллагааг 2017-2021 он хүртэл шат дараатай хэрэгжүүлэх юм.
Өвөрхангай аймагт 2017 оны 3 сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны 423 хүүхэд байгаагаас харааны бэрхшээлтэй 47, сонсголын бэрхшээлтэй 53, сэтгэцийн өөрчлөлттэй 63, оюун ухааны хомсдолтой 72, хөдөлгөөний бэрхшээлтэй 92, хавсарсан бэрхшээлтэй 94 хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс ерөнхий боловсролын сургуульд 153, цэцэрлэгт 27 хүүхэд суралцаж байгаа ба байнгын асаргаанд буюу гэртээ 243 хүүхэд байна.
Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь гол төлөв бага насанд нь илэрдэг боловч оношлох, эмчлэх, тэднийг нийгэмшүүлэх, сургах асуудал зөвхөн эцэг, эхийн үүргээр хязгаарлагдаж, төрийн оролцоо бага байсаар ирсэн юм. Мөн улсаас өгдөг халамжийн мөнгөнөөс өөр үйлчилгээ байдаггүй бөгөөд тэднийг нөхөн сэргээх төвтэй болгох, сэтгэл санааны хувьд өөрийгөө жолоодох, ирээдүйдээ итгэх, зөв чиг хандлагатай байх, идэвхтэй амьдрахад нь бодлогоор тусалж дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ