Малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 09:57:31
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төв байгуулахаар шав тавилаа. Тус суманд Оюутолгой ХХК-ийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх төвийг байгуулахаар болжээ.
Энэ төв нь малын эрүүл мэнд, үржлийн алба, шинжилгээний лаборатори гэсэн бүтэцтэй байх бөгөөд 2017 оны гуравдугаар улиралд ашиглалтанд орох юм байна. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ариун цэврийн чанарын үнэлгээ хийх чадамж бүхий хоёр давхар байгууламж нь 4-5 автомашины граж, малын саравч, хатуу хучилттай зам талбай, дөрвөн айлын орон сууцны барилгатай эргэн тойрон тусгаарлагдсан төв болох юм. 
Энэхүү малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төвд үржлийн зориулалтаар Шотландын махны чиглэлийн Ангус үүлдрийн дөрвөн бухан бярууг авч ирээд байгаа гэнэ.Эдгээр үхэр нь тус төвийн үндсэн хөрөнгө болох бөгөөд сайн чанарын махны чиглэлийн үхэртэй болж, мах экспортлох боломжийг сумандаа бий болгох хэтийн зорилготой гэнээ.
Өмнөговь аймаг нь 2016 оны жилийн эцэст 2,3 сая тоо толгой мал тоолуулсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 258,2 мянган тоо толгойгоор таван төрлөөрөө өссөн байна. Малын тоо толгой тогтмол өсөж байгаа боловч мал сүргийн ашиг шимийн үзүүлэлт буурч малын өвчлөл ихэсч байгаа тул энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд малыг эрүүлжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь аймагт анх удаа Ханбогд суманд ийнхүү малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төв байгуулахаар боллоо.
Д.Мишигсүрэн
 

Холбоотой мэдээ