Цахир сумын хэсгийн төлөөлөгч гурван хүүхдийн амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-19 17:56:38
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир сумын Тэрхийн голын дунд тогтсон мөсөн дээр бага насны 3 хүүхэд хөлдсөн байдалтай байхад нь Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох 04 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүргээ гүйцэтгэж явахдаа таарч амь насыг нь аварчээ.

Хүүхдүүд өдөр 12 цагийн үед голоос ус авах гэж очоод голын мөс цөмрөн улмаар усанд 40 орчим метр урсаж, голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр байхад нь оройны 18.00 цагийн орчимд аварсан байна.

Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг очиход Тэрхийн голын дунд мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байсан ба ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой, 3, 4 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Одоогоор 3 хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд эцэг эх, ах дүү, нутгийн удирдлагууд болон иргэд хүүхдүүдийн амийг аварсан ахлах дэслэгч У.Баяртогтохд баярлаж, талархсанаа илэрхийлжээ. 
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ