“Морин хуурын чуулга” Дорноговьд тоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-18 17:51:22
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 17-нд Улсын филармонийн дэргэдэх “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид Дорноговь аймгийн Сайншанд хотын “Саран хөхөө” театрын тайзнаа тоглолоо.
Тус чуулгын  25 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд ойн нээлтийн тоглолтоо Улаанбаатарт тоглосны дараа Сайншандад ирсэн байна.

Энэ нь  учиртай аж. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, ардын жүжигчин, профессор, удирдаач Цэндийн Батчулуун агсаныг хүндэтгэн дурсах, уугуул нутагт нь бүтээл туурвилыг нь эгшиглүүлэх зорилгоор чуулгын уран бүтээлчид говь нутгийг зорьсон хэмээн Улсын филармонийн дарга,  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн  Ч.Даваасүрэн хэлсэн.

Мөн энэ өдөр ардын жүжигчин, удирдаач Цэндийн Батчулуун агсаны төрсөн өдөр тохиосныг онцолж, төрсөн нутаг Мандах сумын иргэдэд  уран бүтээлийн сүүн сацал өргөн барьсан байна.

Тоглолтод Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, “Цагаан суварга”,  төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Б.Шаравын “Сэрсэн тал” зэрэг монголын хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгчдийн бүтээлийг эгшиглүүлэв. Тоглолтын тасалбарыг  20000 төгрөгөөр борлуулжээ.
Х.Эрдэнэбулган
 
 
Холбоотой мэдээ