Үндэсний сурын харвааны нээлтийн тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-17 16:40:39
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үндэсний сурын харвааны хаврын нээлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр болж, тэмцээнийг Архангай аймгаас гаралтай улсын мэргэн, спортын мастер Д.Оюунханд хамтран зохион байгууллаа. Тэрээр харваачдад заавар зөвлөгөө өгч ажиллажээ.

Тэмцээн энэ жилээс өргөжиж Хашаат, Чулуут, Жаргалант зэрэг сумд, мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас аймгийн дархан, хошой мэргэчүүд гээд нийт 40-өөд харваачид оролцсон байна.

Архангай аймагт үндэсний сурын харвааны нээлтийн тэмцээн жил бүр зохиогддог. Одоогоос 5 жилийн өмнөөс уг тэмцээнийг спортын мастер Ш.Батчулууны нэрэмжит болгон явуулж иржээ. Энэхүү хаврын нээлтийн тэмцээнд эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын үндэсний сурын харвааны спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ, эмэгтэй харваачдаас мөн Тосонцэнгэл сумын харваач спортын мастер Б.Аззаяа нар түрүүлсэн байна.

Энд цугларсан харваачид цаашид залуу харваачдын тоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх, өөрсдийн шавь нараа бэлтгэх ажил дээр санаа нэгдэж байгаагаа илэрхийлж байлаа.  

 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ