АНУ-ын дэд Ерөнхийлөгч М.Пенс цэрэггүй бүсэд очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-17 11:08:49
СӨҮЛ./ВВС/. Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүс рүү нэвтрэх хаалган дээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс хүрэлцэн ирлээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчтэй уулзахаар төлөвлөж байгаа Майк Пенс Азийн дөрвөн улсад 10 хоногийн айлчлал хийх төлөвлөгөөнийхөө хүрээнд тус бүсэд хүрэлцэн ирсэн нь энэ юм.

М.Пенс цэрэггүй бүсээс холгүй орших НҮБ-ын “Bonifas” цэргийн хуаранд нисдэг тэргээр буужээ.
Солонгосын дайныг дуусгах түр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан Панмүнжом тосгонд тэрбээр очих аж. Энэ тосгон цэрэггүй бүсэд байдаг юм.

Өчигдөр үүрээр Умард Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн билээ. Пуужин хөөрснийхөө дараахан дэлбэрчээ. Умард Солонгос өчигдөр нэг баллистик пуужин харвасныг М.Пенс “өдөөн хатгалга” гэж тодорхойлжээ. Пуужингийн туршилт болсноос хэдхэн цагийн дараа тэрбээр Сөүлд газардсан юм.

Умард Солонгос болон АНУ хоорондын харилцаа сүүлийн долоо хоногуудад улам хурцдаад байгаа билээ.
Бэлэн байдлыг хангахын тулд АНУ болон Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчнийхэн өнөөдрөөс хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлсэн байна.

“Max Thunder” гэдэг нэртэй уг сургуулилтад Өмнөд Солонгосын талаас 500 цэргийн алба хаагч ба нисэх онгоцууд оролцож байгаа бол АНУ-ын талаас агаарын цэргийн хүчний 1000 алба хаагч болон сөнөөгч нисэх онгоцууд оролцож байгаа аж. Өмнөд Солонгост болж байгаа энэ цэргийн сургуулилт хоёр долоо хоног үргэлжилнэ.

Г.Доржханд
 

 

Холбоотой мэдээ