Д.Хаянхярваа: ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр арга зам байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-12 19:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Д.Хаянхярваа уншиж танилцуулав.

Тэрбээр, "АН эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар эдийн засаг нэн хүндэрсэн. 2011 онд  17,5 хувьд хүрсэн эдийн засгийн өсөлт жил дараалан саарсаар 2012-2016 онд 13 дахин унасан. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлж, гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Гадаад валютын цэвэр албан нөөц 4 жилийн дотор 4 дахин буурч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан. Улсын гадаад өр 24 тэрбум ам.долларт хүрч, бизнес эрхлэх орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамттай иргэд, аж ахуйн нэгжийн тоо маш хурдтайгаар нэмэгдэж ирлээ.  

Зээлжих зэрэглэл тогтоодог гадаадын агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг 4 жилийн дотор 4 шатлал бууруулж, Засгийн газар, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн бонд, хувьцааны ханш үнэгүйдэж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, хүү багатай эх үүсвэр татах боломж эрс хязгаарлагдсан ийм л уруудан, доройтсон үзүүлэлттэйгээр Монгол Улс 2016 онтой золгосон.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн таазыг УИХ-ын гишүүдийн 2/3-ын босготойгоор баталдаг байсныг АН-ын эрх баригчид өөрчилж, хэмжээ хязгааргүй их өр тавих үүд хаалгыг нээсний уршгаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг гаднаас авч, улс орны эдийн засгийг хэт өрийн дарамтад оруулсан. Мөн дөрвөн жилд Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанк нийтдээ 7.2 тэрбум ам.долларын өндөр хүүтэй зээл авчээ.  Эдгээр зээлийн 90 орчим хувь нь арилжааны өндөр хүүтэй, хугацаа багатай, хатуу нөхцөлтэй зээл байсан. Гэтэл Сү.Батболдын Засгийн газар Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг 5,75 хувийн хүүтэй аваад  нэг ч төгрөг заралгүй АН-ын эрх баригчдад тухайн үедээ хүлээлгэн өгсөн.

Зээл, бондын мөнгөөрөө экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахын оронд гудамж, зам талбай засах, хүүхдийн дүрэмт хувцас оёх, зайрмагны цех байгуулах, цэцэг тарих зэрэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байдаг. Арилжааны өндөр хүүтэй зээлээр зам, талбай засдаг, цэцэг тарьдаг улс орон дэлхийд байхгүй. Үүний хажуугаар АН-ын эрх баригчид нийгмийн даатгалын сангийн мөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдан авах, барихад хууль бусаар ашигласан байна.

Түүнчлэн Монголбанкнаас их хэмжээний мөнгө хэвлэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг санхүүжүүлснээр төгрөгийн ханш суларч, улмаар валютын ханшийг хүчээр барихын тулд валютын нөөцийг шавхсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр тасарч байхад, Төсвийн тухай хууль, тогтоомжийг ноцтой зөрчиж “Сайн” нэртэй хөтөлбөрүүдэд нийт 1 их наяд 135 тэрбум төгрөг баталж, 596 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр үр ашиггүй тараасныг зөвтгөх аргагүй.

Одоо бид төсвийн бодлогын хүрээнд хяналтгүй 5 төсөвтэй байсныг нэгтгэн нэгдсэн нэг төсөвтэй болох, валютын ханшаа буруу тооцдог байсан дутагдлыг таслан зогсоох, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасч, орлогоо нэмэгдүүлэх, шинээр нэмж хөрөнгө оруулалт улсын төсөвт суулгахгүй байх, хяналтгүй шахам явж ирсэн вексель, концессын гэрээг цэгцлэх зэрэг төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. УИХ, Засгийн газар энэ нөхцөл байдлыг харгалзан нэмэгдэл эх үүсвэр олж тулгамдсан өрийг дарах, цалин, тэтгэврийг тасралтгүй олгох бүхий л бололцоотой арга замыг хайж, ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр арга замгүй гэдэг дүгнэлтэд хүрч одоо гэрээ байгуулах асуудал яригдаж байна.  

Нөхцөл байдлыг даван туулахын тулд бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага байна.  Ингэхдээ ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчиддээ аль болох хамгийн бага дарамт бий болгох зарчмыг баримталж байгаа гэдгээ цохон тэмдэглэе" гэлээ.

Үүний дараа төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийн гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Мөн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийснээр чуулганы хуралдаан 22 цагийн үед өндөрлөв.

Б.Туул

Холбоотой мэдээ